Зохиолч: | Ч.Галсан |
Хэвлэлийн газар: | Ножо паблишинг |
ISBN: | 9789919009465 |
Хэвлэсэн он: | 2024 |
Хуудасны тоо: | 76 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 180x115x8 мм |
Зохиолч: | Ч.Галсан |
Хэвлэлийн газар: | Ножо паблишинг |
ISBN: | 9789919009465 |
Хэвлэсэн он: | 2024 |
Хуудасны тоо: | 76 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 180x115x8 мм |
Алс баруун Алтай (1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум)-д хүй нь цөглөж хөлд орсон малчин гаралтай хүү өнөөдөр дэлхийн энтэй зохиолч болжээ. Цөөхөн монголчууд, тэр дундаа үндэстний цөөнх Тува гаралтай энэ хүнийг Чинагийн Галсан гэдэг. Түүнийг төрөхийн өмнө эжий нь ихэр хүүхэд тээж байжээ. Бусдын буруугаас болж ихэр хүүхэд эндсэн нь юутай харуусалтай... Ихэр хүүхдийн “долоон хоног”-ийг хийхэд хожмын багш нь болох Пүрбү “Бүү харуус, энэ хоёр хүүхэд чинь удахгүй ирнэ, ирэхдээ нэг хүн болоод эргээд ирнэ, харин тэр цагт хүнд бүү хэл, нэр өгөлгүй нуучих” гэжээ. Хүүг хэлсэн ёсоор хүнд харуулалгүй нууж “Хөдсөн маамуу” хэмээн өхөөрдөн дууддаг байж. Хүү долоон нас хүрч сурагч болохдоо эмээгийнхээ хэлснээр Галдан нэртэй болох байв. Багшдаа хэлэхдээ сандарч мэгдэн мартахдаа сургуулийн галч Галсангийн нэрийг хэлснээр хүү Галсан нэртэй болсон түүх ийм...
Галсан хүү сургуульдаа нэртэй сурагч байв. Монголын Лермонтов болно гэсэн дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдөн шүлэг бичиж эхэлжээ. Улмаар унасан газар угаасан уснаасаа аяны дөрөө жийж, Улаанбаатар хотод ирж, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хумболдтын их сургуулийг дүүргэжээ.
Анхны зохиол нь “Тува туужууд” нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн нь одоо таны унших гэж буй “Аянгат цагийн тууж” юм. Зохиол бүтээлээ улс орондоо
гаргах гэтэл уран зохиолыг хавчиж боомилдог байсан тэр цагт эх нэрээр хэвлэхийг зөвшөөрөөгүй аж. Тэр ч бүү хэл “Эсэргүү зохиол, эх орноосоо урвасан тууж” гэх мэтээр цуурхал газар авчихсан үе байж л дээ. Герман хэл мэддэг хүнээр уг туужийг хянуулахад асуудалтай үгс гээд 213 үг жагсаачихсан байсан гэдэг. Ингээд монголоор бичээд хол явахгүйгээ мэдсэн зохиолч герман хэлийг түшиглэхээр шийдсэнээр өдгөө 40 гаруй ном бичиж, Олон улсын хэмжээний нэр хүндтэй олон шагналын эзэн болсон юм. Эдгээрийн нэг нь герман хэлээр зохиолоо бичиж, Дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, Ази тивийн анхны зохиолч болжээ.
Зохиол бүтээлээ бичихийн сацуу өөрийн хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарьж, ургуулаад одоо хоёр сая дахь модоо тарихаар ажиллаж буйг харах хэчнээн бахдам... Эх оронд минь ийм л эзэн хэрэгтэй байгаа юм даа. Хойч үе бид үлгэр авууштай. Зохиол бүтээлийг нь хэвлэж, энэ их үйлсэд нь нэмэр болно хэмээн бодохуйяа сэтгэлд өег байна.
Иймийн учир Чинагийн Галсан ахынхаа бүтээлүүдийг монгол хэлээр гаргах эрхийг, хичээнгүйлэн хэвлэх үүргийн хамт “Ножо” хэвлэлийн газар хүлээсэн нь нэр төрийн хэрэг билээ. Тасраад байсан “Хэлхээгүй сувд” цувралаа “Аянгат цагийн тууж”-аар үргэлжлүүлэн хэлхэх боломж тохиосон минь юутай их завшаан...